Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон. Түүнчлэн хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болсон байна. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байна. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.
Харин Монголчууд хамрын тахины савыг хөөрөг хэмээн нэрлэдэг. Я.Цэвэлийн Монгол хэлний их тайлбар тольд “...хамарт үнэрлэн хэрэглэх тамхи хийх савыг хөөрөг гэнэ” гэсэн байдаг. Монголчууд хятадаас пийсүү, шаазан, хаш, мана, шилэн хөөргийг худалдан авахаас гадна монголын нутаг дэвсгэрээс олдох мана, гартаам, цагаан шүр, чүнчигноров, хаш зэрэг гоёлын чулуугаар өөрсдөө урлан хийх нь элбэг. Хөөрөгний соёл бол монголд нь нутагшуулсан нэг ёсны хэрэглээ юм.
Тухайн хүний барьж байгаа хөөрөгнөөс тэр хүний эрхэлдэг үйл, зэрэг дэв, хөрөнгө чинээний байдлыг мэдэж болдог онцлогтой. Төрийн түшээд, язгууртнууд ихэвчлэн хаш хөөргийг, лам нар шаазан болон сүйжин, мүйжин хөөргийг, төрийн хар хүн гартаам, чүнчигноров, манан хөөргийг голчлон барьдаг байжээ. Мөн эхнэр хүний барьдаг хавтаганы хөөрөг, хос хөөрөг гэж буй. Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйд хос хөөргийг бэлэглэдэг заншилтай.
Орчин цагт хөөрөгний үнэ цэнэ нь, толгой , ухалт, хэлбэр, чулууны бүтэц, хэдэн жилийн настай, хэн хэрэглэж байсан түүх зэргээс шалтгаалана.
Монгол хөөрөг нь толгой өндөр, ул өргөн байдгаараа онцлог. Хөөргийг том жижиг янз бүрийн боловч дотор нь эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ялгадаг.
Хөөрөг нь толгой, нуух, их бие, халбага, зэргээс бүрдэнэ.
Хөөрөгний толгой: Монголчууд эртнээс хөөрөгний толгойг улаан, ягаан шүрээр ихэвчлэн хийдэг байжээ. Мөн зарим үед оюугаар хийнэ. Харин сүүлийн үед тухайн хөөрөгний их биеийг хийсэн эдээр толгойг нь хийх нь элбэг болжээ.
Нуух: Голчлон оюу, пийсүү, чулуугаар толгойтой өнгө хоршуулан хийж алт мөнгөөр эмжээрлэн нуухалдаг.
Халбага: Халбагыг алт, мөнгө, зэс, яс зэргээр хийж болно. Монголчууд зааны ясан халбага хийхийг эрхэмлэдэг байжээ.
Мөр: Хөөргийг мөрөөр нь их, бага, дунд гарын гэж ангилдаг. Дөрвөн мөртэй нь бага гарын, зургаан мөртэй нь дунд гарын, найман мөртэй нь их гарын хөөрөг болдог. Мөр нь хээтэй байх бөгөөд хээ нь олон янз байна.
Ухалт: Хөөрөгний чанарыг мэдэж болдог хамгийн гол арга бол тухайн хөөрөгний дорих ухалт юм. Аль болох гэрэлд сайн харагдтал нимгэлж ухан дотор талыг нь өнгөлсөн хөөрөг үнэтэй байдаг ажээ. Сайн ухалттай хөөрөг хөнгөн байдаг.
Хөөрөгний хэлбэр ба хэмжээ: Хөөргийг суурьтай, суурьгүй мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилдаг. Хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэж ангилж болно. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг.
Хөөрөгний төрөл
Манай монголчууд эрдэнийн чулууг үнэхээр сайн таньдаг, мэддэг байсан ард түмэн. Хөөрөгний үнэ чанарт чулууны хатуулаг, өнгө ихээхэн нөлөөлдөг. Өнөөдөр бидний үнэтэйд тооцдог шүр, хаш, пийсүү, болор, мана, гартаам, чүнчигноров хөөрөг гоёл чимэглэлийн чулуу гэсэн ангилалд багтана. Хагас үнэт чулуунд биндэръяагийн төрөл “Хувилгаан эрдэнэ” гэх хөөрөг монголд хамгийн үнэтэйд тооцогдоно. Мана 36 төрөл, хаш 7 төрөл байна. Чүнчигноров чулуу нь монголоос элбэг олддог онцлогтой.
Хутагт хувилгаад нь лусын толь хэмээн бэлэгшээж утаат, усан болороор сүүжин хөөрөг хийлгэж барьдаг байжээ. Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг. Молроор хийсэн хөөргийг мүүжин хөөрөг гэнэ. Сүйжин, мүйжин хөөргөөр нүдээ арчихад нүдний харааг сайжруулдаг гэлцэнэ. Сүйжин хөөрөгтэй хүн ямар ч говьд явсан хатаж үхдэггүй, усыг өөртөө татдаг гэж үздэг.
Хэргэм зэрэгтэй язгууртнууд цагаан хаш хөөрөг барьдаг байсан гэдэг. Хаш хөөрөг бол эзэндээ энх тунх, амгалан тайванг авчирдаг хэмээн бэлэгшээдэг. Хаш нь газрын гүнд байх тусмаа өнгө улам цагаан байхаас гадна удах, элэгдэх тусмаа улам өнгөтэй гөлгөр болдог байна. Хаш хөөрөг өвөртөлсөн хүн морь малнаас унахад яс гэмтдэггүй, бэртсэн ясыг бороолоход сайн хэмээн хэлэлцдэг.
Халтар манан хөөргийг нийт монголчууд барьдаг байсан. Мана чулуу бол эх орон, эзэн, эд хөрөнгөө манаж, дээдсийн уур хилэн намжаан, гэр бүлийн аз жаргалын хамгаалдаг гэж үздэг. Хар халтар мана бол хүчирхэгийн бэлгэдэл. Гартаам, мана, усан мана, замагт мана, үзмэн мана гэх мэт олон төрлийн мана бий. Мана нь ихэвчлэн галт уулын суурилаг чулуунд анх бүрэлдэн тогтдог ажээ. Оросоор хальцедон гэдэг. Хуучны эмийн сударт мана, ялангуяа алаг маныг саа, үе мөч, татах өвчинг анагаахад тустай хэмээн үздэг. Мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг байдаг учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг.
Монголчууд чүнчигноровыг Хангарьд шувууны бөөлждөг хэмээн домоглодог. Энэ чулуу монгол оронд нэлээд элбэг байдаг. Чүнчигноров нь монгол эр хүнд ээлтэй чулуу. Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг. Хүний биед үүссэн элдэв яр шарх, мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр зэргийг жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилдэг хэмээн хуучилдаг. Чүнчигноров хөөрөгтэй хээр хөдөө явж байхад араатан амьтан, могой ойртдоггүй тойрч явдаг хэмээн бэлэгшээдэг ажээ.
Эрээн судалтай нэгэн зүйлийн гоёмсог чулуун хөөргийг гартаам /гартамэн/ гэнэ. Гартаам хөөргийг урьд зөвхөн хаан, хатан хүмүүс барьдаг байжээ. Хэмжээгээрээ том, дунд, жижиг гарын гэж байдаг. Гартаам хөөргийг биедээ байнга авч явах ёстой аж. Гартаам хөөрөг нь эзнээ хар хэл, хорлолоос хамгаалж, бие махбодийг сэргээн төлжүүлдэг, бэртэл гэмтлээс хамгаалдаг эрүүл мэндэд тустай хэмээдэг. Монголчууд гартаамыг хүний дотоод энерги илчийг нэмэгдүүлдэг, хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг бадраадаг хэмээн үздэг. Гартаам хөөрөг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй, саа өвчний улмаас нүүр ам, нь муруйсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг гэнэ.
Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голцуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Монголчууд улаан, ягаан шүрийг өргөн хэрэглэнэ. Монголчууд шүрийг Хятад, Энэтхэг, Японоос авч өргөн хэрэглэдэг байжээ. Шүр чулуу биш амьд организм учир нас богинотой, хагарч гэмтэх, хорхой идэх аюултай. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна. Сүүлийн үед цагаан шүрийг Өмнөговь аймгаас бэлтгэн сийлбэртэй цагаан шүрэн хөөрөг ихээр хийх болжээ.
Монголчууд эртнээс дотортой шаазан хөөрөг, жороо морь хоёрт худалдан авах хүн нь биш эзэн нь үнэ хэлдэг ёстой байжээ. Тэгэхээр шаазан хөөргийг ихэд эрхэмлэсээр ирсэн нь харагдана. Шаазан хөөргийг ихэвчлэн лам нар хэрэглэдэг. Шаазан хөөргийг Хятадаас авдаг. Шазан хөөрийн бөөрөн дээр элдэв хээ хуар, луу, тансан ламын үлгэр, сармагчин зэргийг уран гоёоор дүрсэлсэн байдаг. Шаазан хөөргийг ёроолд үйлдвэрлэсэн газрын тамга тэмдэг байдаг онцлогтой.
ХӨӨРӨГНИЙ ХЭРЭГЛЭЭ
Монголчууд уулзан учрахдаа хөөрөг зөрүүлэн мэндчилдэг уламжилтай. Ялангуяа цагаан сарын шинийн нэгэнд ахмад настаныхаа амар мэндийг эрэн хөөрөг зөрүүлэн бэлэгтэй сайхан үгийг хэлэлцдэг. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.
Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлэгдэл юм. Хөөргөөр тамхилах нарийн дэгтэй. Уулзаж буюу хоёр хүн дайлангаасаа тус тусын хөөргөө гарган хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Ингэхдээ хөөрөгний толгойг үл мэдэг онгойлгон ахмад хүний хөөргийг нас залуу нь босож хүндэтгэн аваад баруун өвдөгөө босгон зүүн өвдөг дээрээ хагас суун тахимдуу ёсыг гүйцэтгэн үнэрлээд эргүүлж өгөхдөө ч мөн тэр янзаар буцаан босож солилцоно. Тамхилах үедээ амар мэндээ эрж бэлэгтэй сайхан үгийг хэлэлцэнэ. Эвдрэлцсэн хүмүүс хөөрөг зөрүүлж сэтгэлээ цайлгах, буруу төлж тухайн хүндээ тусгайлан хөөрөг барьж мэндчилдэг заншил байжээ.
Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгөлцөнө. Хөөрөгний толгойг хөндийрүүлэх, хөндийрүүлэхгүй, хөндийгөөр үнэрлэх нь тус тус учир утгатай. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг. Мөн хөөрөгний толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэл “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй яваа хүн” гэсэн санааг илэрхийлдэг байна. Гашуудлын мэдээ хүргэж яваа хүн хөөрөгний толгойг сулласан ч түүн дээрээ эрхий хуруугаараа ялигүй дарж өгөн мэндчилдэг.
Нийтлэлийг: Доктор Ж.Баярсайхан
Эх сурвалж: Joinme.mn