ХӨӨРӨГ, ДААЛИНГИЙН ТОВЧ ТҮҮХ

2022-01-06 19:02
ХӨӨРӨГ, ДААЛИНГИЙН ТОВЧ ТҮҮХ


Алс холын Америк тивийн уугуул иргэдээс гаралтай хамрын тамхи Азийн гүн дэх нүүдэлчин монголчуудын соёлд хожим гүн ул мөр үлдээнэ гэж хэн санах билээ. “Шон босгоогүй бол шаазгай юунд суухав” гэгчээр нунтаг тамхи байгаагүйсэн бол хөөрөг хаанаас үүсэх билээ. Өмнөд Америкийн уугуул иргэд анх тамхины навчыг зандан модоор хийсэн уур, нүдүүрээр буталж, өвөрмөц анхилуун үнэртэй болгож хэрэглэдэг байжээ. Тэд тамхины үнэрийг удаан хадгалахын тулд гоёмсог хээ угалзаар чимсэн битүүмж сайтай ясан саванд хийдэг байв. Энэ нь хамрын тамхи болон түүнийг хадгалах савны түүхтэй холбогдох хамгийн эртний баримт билээ.

 

1493 онд Италийн алдарт аялагч Христофер Колумбын шинэ тив рүү хийсэн хоёр дахь аялалын гишүүн, францискан номлогч Рамин Пане Карибын тэнгисийн зарим арлын уугуул иргэд нунтаг тамхи татаж байсныг ажиглан, Испанид буцаж ирэхдээ хамрын тамхи авч ирсэн нь сониуч Европчуудын дунд асар хурдан түгэн дэлгэрчээ. Улмаар XVI зууны эхээр анхны хамрын тамхины үйлдвэр Испанид бий болж, XVII зууны эхэн үеэс Хойд Америк болон бусад газар оронд худалдаалах болжээ. XVIII зуунд нунтаг тамхины үйлдвэр Европийн хамгийн томоохон үйлдвэрүүдийн нэг болтлоо хөгжжээ. 

 

Европчуудын дунд хамрын тамхи нь элдэв өвчин анагаах, халдварын эсрэг үйлчилгээтэй гэх мэдээлэл тархаж, ялангуяа язгууртнуудын дунд түгээмэл хэрэглэгдэх болсноор дэлхийн ард түмнүүдийн дунд өргөн тархах үүд хаалгыг нээв. 1650-иад оноос Франц, Англи, Шотланд, Ирланд болон Европ даяар хэрэглэх болж, улмаар Япон, Хятад зэрэг Азийн оронууд, Африк тив рүү нэвтэржээ. 

 

Мин улсын Ванли хааны үед (1573-1620) өмнөд Хятадын Гуандунд газардсан Итали номлогч Маттео Ричи Бээжин хотноо ирж, эзэн хаанд маш ховор хамрын тамхи бэлэглэсний хариуд өндөр цол хэргэм хүртэснээр нунтаг мамхи нь Хятадын хаад, язгууртнуудад барууныханы өгдөг эрхэм бэлэгт тооцогдох болж, Хятад оронд өргөн тархав.    

 

Манж улсад Энхамгалан хааны үед (1661-1722) язгууртнууд, түшмэдийн дунд өргөн хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд нунтаг тамхины сав (хөөрөг) нь урлагийн үнэт зүйл болтлоо хөгжиж, янз бүрийн түүхий эдээр хийх болжээ. Манжууд нунтаг тамхийг Европчуудын нэгэн адил анагаах үйлчилгээтэй хэмээн үзэж байсан учир элдэв хориг саадгүй хэрэглээндээ нэвтрүүлсэн байна. Хамрын тамхины хэрэглээ ихсэхийн хирээр түүний өвөрмөц үнэр, амтыг шинээр нь хадгалах, битүүмж сайтай, сайн таглаатай, авч явахад авсаархан сав хийх шаардлага гарч, улмаар Энхамгалан хааны зарлигаар ордны урчуудаар хөөрөг хийлгэж эхэлжээ. Эхэн үедээ Европ урчуудын сургалт, зөвөлгөөгөөр пааландсан шил, шаазангаар хийж байгаад дараагийн хоёр зууны турш янз бүрийн чулуу, шаазан, зааны соёо, чий будагтай мод, төмөрлөг зэргээр урлах болж, тэр ч бүү хэл уран бичлэг, дорно дахины түүх уламжлалт урлагийн дүр төрхийг тусгах болсон байна. Манжийн Найралт төв (1723–1735), Тэнгэрийнг тэгтэгч (1736–1795) болон Сайшаалт ерөөлт (1796–1820) хаадын үед хөөрөгний урлаг хамгийн өндөр түвшинд хүрчээ.        

 

1800-аад оны үест нийгмийн бүх түвшинд хамрын тамхи, хөөрөг хэрэглэх болсноор нийгмийн харилцааны салшгүй хэсэг, орон нутгийн болон хувь хүний гоёл чимэглэл, үнэт бэлэг, нийгмийн байр суурийг давхар илэрхийлдэг нэгэн хэрэгсэл болов.

  

Ийнхүү Азийн гүнд аялан ирсэн нунтаг тамхины зам, Манжийн Чин гүрний хаалгаар чимээгүйхэн нэвтэрч, соёлын томоохон үзэгдэл болсон нь тухайн гүрний нөлөөнд байсан нүүдэлчин Монголчуудын ертөнцийг ч алгассангүй. Монгол оронд эхэн үедээ мөн л ихэс дээдэс, баяд, ноёдын дунд хэрэглэж эхэлсэн бололтой бөгөөд энэ талаар түүхэн мэдээ сэлт хомс байдаг. Ойролцоогоор 18-р зууны үест Монголчуудын хэрэглээнд нэвтэрч эхэлсэн гэлтэй. Ямар ч атугай хөөрөгний түүхийг Чингис хаан, түүний угсаа залгамжилсан их хаадын үе болон түүнээс түрүү үеийн монгол угсаатнуудтай холбогдуулан ярьдаг домог, үлгэрийн шинжтэй бичвэрүүд нь түүхэн эх үндэсгүй зүйл болох нь тодорхой. 

 

Дурдан буй судалгаа, түүхэн баримтаас харахад Монголчууд хамрын тамхи болон хөөрөгний уламжлалыг Манж нараар дамжуулан авсан нь нэн тодорхой бөгөөд харин үүнийг хэрэглэх явцдаа нүүдлийн амьдрал ахуйдаа тохируулан хаяж гээх, алдаж асгахаас сэргийлэн “даалин” хэмээх нэгэн төрлийн жижиг уутыг бүтээжээ. Энэ нь хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн нүүдлийн амьдралд жижиг сажиг зүйлсийг биедээ байнга авч явахад зориулан бүтээсэн “хавтага” хэмээх уламжлалт уут савнаас улбаатай, үүний нэгэн төрөл хэлбэр нь гэж хэлж болох юм. Тиймээс хожим хүртэл зарим нутагт, ялангуяа эмэгтэйчүүд хөөрөгөө хавтаганд хийдэг байсан нь музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хөөрөгний хавтаганаас тодорхой мэдэгдэж байна.

 

Нийтлэл: Доктор Ж.Баярсайхан

Эх сурвалж: Joinme.mn

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл