ДААЛИН УРЛАХЫН УЧИР

2021-12-27 16:50
ДААЛИН УРЛАХЫН УЧИР

Ардын гар урлалын дуусашгүй өв сангийн нэгээхэн хэсэг нь даалин.


Бидний өвөг дээдсийн ертөнцийг үзэх үзэл аливаа бүхэнд сайны ерөөл шингээсэн, утга билгэдлээр тайлбарласан, энэрэн нигүүлсэхүйд суурилсан байдаг нь цаанаа хүн хэмээх бодгалийн уг мөн чанарт ухаарал хайрлахад чиглэсэн байдаг ажээ. Эмэгтэй хүн бүр үйл урлаж, оёж хатгахад суралцах, хайртай хүндээ сэтгэлээ шингээн дээл оёж өгөх, эсвэл хөөрөгний даалин хавтага, аяганы уут зэргийг урлаж өгдөг байсан. Үүний утга учир нь эхнэр хүн ханьдаа зориулан үйл урлахдаа үргэлж сайн сайхныг бодон, хайрлах сэтгэлээ бүхэлд нь шингээн хийдэг учиртай ажээ. Ийнхүү хайраа шингээн үйл урласан дээл хувцас, эдлэлээр гоёсон эр хүн сэтгэл өөдрөг, уужуу тайван, нүнжиг түшигтэй, хайртай хүнийхээ ерөөлөөр ажил үйлс нь бүтэмжтэй байж, ханиараа бахархаж явдаг.

Монголчууд эмэгтэй хүүхдийг багаас нь үйлэнд уран болгож төлөвшүүлэх тал дээр анхаарч, ээжүүд охидоо дагуулан сургадаг уламжлалтай байсан.Энэ нь охин хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын үндэс суурь, зөв дадал олгодог байжээ.

Зүү ороож урласан хөөрөгний даалин нь он удаан жил яг хэвэндээ хадгалагдан үлддэг бөгөөд даалин дээр урлах хээ угалз бүр өөр өөрийн учир бэлгэдэлтэй.

  1. Хас хээ бүхий даалинг төрийн хүнд урлаж өгдөг ба номонд мэргэн байхыг бэлгэддэг. 
  2. Нацагдорж хээ хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг. 
  3. Зоосон хээ нь дотроо суман хээтэй, суман хээний дотор талд нар, сар, од мичидийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг.
  4. Булангийн хээнүүдийг дан дангаар хагасалж урлах нь буй бөгөөд энэ нь хорвоо ертөнц сайн муугийн нэгдэл ба түүнийг зөөлрүүлэх учиртай буйза.


Эх сурвалж: Зүтгэл.МН

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл