МОНГОЛ ХЭЭ УГАЛЗ, ӨНГӨНИЙ ТУХАЙ

2022-01-03 13:55
МОНГОЛ ХЭЭ УГАЛЗ, ӨНГӨНИЙ ТУХАЙ

Урлагийн төрлийн ууган нь дүрслэх урлаг билээ. Эрт цагаас чулуун зэвсгийн үеийн буган хөшөө, хадны сүг зургуудаас эхтэй ардын хээ угалз нь манай дүрслэх урлагт чухал байр суурийг эзэлж ирсэн байдаг. Хээ угалз нь тухайн ард түмний хүсэл мөрөөдөл, гүн гүнзгий утга санаа, саайн сайхны төлөө тэмүүлэл үэргийг илэрхийлж ирсэн уран нарийн зураас, өнгийн зохирол нэгдэл, утга бэлгэдлээрээ уран сайхны боловсронгуй амьд нийлбэр юм.

Монгол хээ угалз нь ардын гоёл чимэглэлийн урлагт томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд манай улсын угсаатны зүй, урлагийн түүхийг судлахад тустай, өөрийн гэсэн өвөрмөц түүхэн замналтай, сонгодог өнгө, зураастай хөгжиж иржээ.

Монголчууд бүх өнгийн будагтай хялбар найруулж болох цагаан будгийг "эх өнгө", мөн улаан, хөх, ногоон, шар өнгөнүүдийг "эцэг өнгө" гэх бөгөөд эцэг эх хоёр өнгийг хольж найруулсныг "хүү өнгө", хар өнгийг "чөтгөр өнгө" гэдэг. Өнгөөр ялгаж хээлэхдээ нэг өнгийн будгаар дагнаж хээлэх, хоёр буюу гурван өнгөөр хоршиж хээлэх, дагнааслан хээлж угалзлуулан солонгоруулан зурдаг байв. Цагаан, шар, улаан, хөх, ногоон, хар гэсэн 6 өнгийг 64 өнгө болтол найруулж, нэг өнгийн будгийг 8 хувилгаж дагнааслан хээлдэг байжээ. Дагнаас дотроо их, солонгон болон олон өнгийн, нэг өнгийн дагнаас гэх мэт олон янз байна.

Цагаан өнгө нь, үнэнч нандин чанар, гоёмсог сайхан, аз жаргал, ариун цагаан сэтгэлийг илэрхийлдэг утгатай бол,

Улаан өнгө нь, гал, өөдөө бадрах, баяр жаргал, чин зориг, сүр жавхлан, ялалтыг илэрхийлдэг.

Хөх өнгө нь, мөнх тэнгэр, хэзээ ч хувирдаггүй бат тогтвортой, энх амгалангийн утгатай,

Ногоон өнгө нь, цэцэглэн хөгжих, сайн сайхан, идэр залуусын бэлгэ тэмдгийн утгатай.

Шар өнгө нь, алтны өнгө, эрдэнэсийн сан, баян чинээлэг, эрх дархтай, хайр дурлалын бэлгэ тэмдгийг илэрхийлдэг утгатай.


Эх сурвалж: Б.Болд "Монгол Ардын хээ угалз"

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл